..." I City Media" групптэй хамтран "Монгол хүн Монголын баялаг" ТВ нэвтрүүлгийн дугааруудыг бэлтгэж байхдаа энэ нэвтрүүлэгт Солонгосоос оролцож байсан Б.Баттулгыг эчнээ таних юм. Түүний оролцсон дугаар надад сонирхолтой санагдсан. Түүнээс хойш Б.Баттулгыг АНУ-ын Сан-Франциско хот дахь "Цахиурын хөндий"-н GOOGLE компаны төв оффист ажиллаж байгааг дуулсан юм. Сан-Францискод ажлаар очих далимдаа Б.Баттулгатай холбогдон цаг болзож, "Цахиурын хөндий" д уулзан ярилцсанаа та бүхэнд хүргэж байна.
Нэг. НАМТРЫН ТОВЧООН
1. 11-р дунд сургууль /~1999/
2. KTMC /2001/
3. Inha university, Korea /2002~2006/
4. Korea Advanced Institute of Science and Technology, Korea /2006~2008/
5. Google /2008~/
Хоёр. КОМПЬЮТЕРТ ОЙРХОН ӨССӨН БАГА НАС
-Г.Галбадрах: Хаана төрж өсөв? Аав ээжийнхээ талаар товч танилцуулахгүй юу?
-Б.Баттулга: Би 1981 онд Улаанбаатар хотод төрсөн. Манай аав Завхан аймаг, ээж мань Говь-Алтай аймгийн хүн. Хоёулаа математикийн олимпиадад оролцож яваад танилцаж хожим нь Орос улсад суралцаж байхдаа гэр бүл болсон, эдийн засгийн Кибернетик мэргэжилтэй. Багадаа аав ээж хоёрын ажил дээр очиход нэг том танхимд нүсэр том компьютерүүд байсныг санадаг юм.
-Г.Галбадрах: Багаасаа л компьютерт ойрхон өсчээ дээ?
-Б.Баттулга: Намайг бага байхад манай гэрт, дээрээ олон нүхтэй бас тоотой дөрвөлжин цааснууд зөндөө их байдаг байлаа. Тэр цааснуудаар янз бүрийн тоглоом хийж тоглоно. Тэр нь одоогийнхоор бол компьютерийн "хард диск"-ны оронд хэрэглэдэг байсныг сүүлд мэдсэн. Нэг ёсондоо цаасан дээр хэвлээд хард дискны оронд компьютерт уншуулдаг технологитой байж. Багаасаа л компьютерт ойр өссөн. Аав намайг компьютер дээр суулгах дургүй. "Чи тэртэй тэргүй 10-р ангиа төгсөөд программ бичих болно, харин одоо математик сайн судла" гэж аав зөвлөнө.
-Г.Галбадрах: Дунд сургуульдаа хаана суралцаж байсан юм бэ?
-Б.Баттулга: 3 дугаар ангидаа гэртээ санамсаргүй радиогоор 11-р сургуулийн математикийн ангийн тухай сонсоод шалгалт өгч элсэн орсон. Би өөрийгөө их азтай гэж боддог. Үе үеийн хамгийн шилдэг багш нараар хичээл заалгасан. Энхжаргал багш, Эрдэнэсувд багш, Адьяасүрэн багш нар анги удирдаж, хичээл зааж байсан. Сүүлд Солонгост суралцаж байхдаа ч мөн адил хамгийн шилдэг багш, профессор нараар хичээл заалгаж байлаа.
-Г.Галбадрах: Тэр үед математикийн улсын олимпиадад оролцож байсан багш сурагчдын дунд чамайг "11-ийн Баттулга" гэдэг нэрээр олон хүмүүс мэддэг юм билээ. Олимпиадуудад амжилттай оролцож байсан уу?
-Б.Баттулга: Олон Улсын математикийн олимпиадаас "мөнгө", "хүрэл" медаль авсан. Харин улсын математикийн олимпиадаас 2 "алт", 1 “мөнгө”, 1 "хүрэл" медалиуд авч байв. Физик, мэдээлэл зүйгээр бас улсын хэмжээний медалиуд бий. Сургуулиа төгсөөд КТМС-д software ангид элсэж орлоо.
Гурав: МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН СОНГОЛТ
-Г.Галбадрах: 10-р ангиа төгсөөд КТМС-т software ангийг сонгож авах шалтгаан нь юу байсан юм бол?
-Б.Баттулга: Ер нь бол дунд сургуулиа төгсөөд софтверийн чиглэлээр суралцья гэж бодож байсан. Үүнийхээ дагуу 10-р ангиа төгсөхдөө Олон улсын мэдээлэл зүйн олимпиадад оролцлоо. Өмнө нь мэдээлэл зүйн олимпиадад Монголоос оролцолгүй олон жил завсардсан үе байв. Тэр жил аз таарч манайхаас баг оролцох боломж бүрдсэн. Жагдагдорж багш тэр жил зардлыг дааж, удирдаж авч явсан юм. Тэмцээнээс ирснийхээ дараа, дараа жилийн олимпиадад оролцох хүүхдүүдийг бэлтгэх хэрэгтэй юм байна гэж бодлоо. Ингээд тэр жил тэмцээнд явсан багаас 3 нь KTMC-д элсэн орж бас дараа жилийн багийг бэлдсэн. Нэг маань КТМС багш болж олон жил Монголын багийг үргэлжлүүлэн бэлдсэн дээ.
-Г.Галбадрах: Чи Солонгост бакалаврын зэргээр суралцсан уу? Ямар сургууль юм бэ?
-Б.Баттулга: Би Солонгост INHA их сургуульд 4 жил компьютерийн мэргэжлээр суралцаж, математик чиглэлээр давхар мэргэжил эзэмшиж төгссөн. INHA их сургуульд ирж байгаа Монгол оюутнууд сонгон шалгаруулалтаар ирдэг байсан болохоор Солонгос оюутнуудаас илүү сайн суралцдаг байсан шүү.
-Г.Галбадрах: Энэ сургуулиа төгсөөд ямар сонголт хийв?
-Б.Баттулга: Сургуулиа бакалавр зэргээр төгсөөд Солонгосын топ сургууль болох KAIST-д хиймэл оюуны чиглэлээр магистрийн зэргээ хамгаалсан. Тэнд сурч байхдаа АНУ-ын Беркелей дэх Калифорнийн Их Сургуульд түр ирж суралцаж байлаа. Тэр үеэд америк оюутнууд Google-ийн талаар л ярьдаг байсан үе. Тэр үед л "Сургуулиа төгсөөд "Google-д ажиллах" ёстой юм байна" гэж бодсон. Солонгост буцаж ирсний дараа, Google-д шалгалт өглөө. Тэр жилүүдэд, Солонгост мөн адил оюутнуудын хамгийн их орохыг хүсдэг компаны жагсаалтыг Google тэргүүлж байсан үе. Тэр жил манай сургуулиас 2 оюутан тэнцэж орсон юм.
Дөрөв. GOOGLE -ийн ИНЖЕНЕР
-Г.Галбадрах: Хэдэн он байсан юм бэ?
-Б.Баттулга: 2008 онд Google-ийн Солонгосын салбарт ажиллаж эхэлсэн. Хайлтын системийн алгоритм, “trends detection” болон “showtimes” гээд олон төслүүд дээр ажиллаж байв. Сөүлд ажиллаж байхдаа шууд хэрэглэгчид хүрдэг бүтээгдэхүүн дээр их ажилласан. Бүх шийдвэрүүд туршилт, статистик, судалгаан дээр үндэслэж гардаг. Олон жилийн турш 6 тэр бум хүнд үйлчилгээ үзүүлж судалгаа хийх боломж олдсон, үүнээс маш их зүйлийг сурч авсан гэж боддог. Хэрэглэгчид ямар өөрчлөлтийг хэрхэн хүлээж авахыг таамаглах, мэдрэмжтэй болдог юм билээ.
-Г.Галбадрах: Google компаны Солонгосын салбараас Америкийн "Цахиурын хөндий" дэх төвд шилжиж ирэх шалтгаан тань юу байсан юм бол?
-Б.Баттулга: АНУ-д ирэх гол шалтгаан нь дэлхийн мэдээллийн технологийн "Тархи" нь болсон Silicon Valley буюу Цахиурын хөндийн уур амьсгалыг мэдрэхийг хүссэн. Алсдаа Монголын IT startup компануудын өрсөлдөх чадварыг өсгөхыг хүсвэл Цахиурын хөндийд ажилласан туршлага болон танилын хүрээгээ нэмэгдүүлэх нь хэрэгтэй гэж бодож байгаа. Ажлынхаа хажуугаар энэ чиглэлээр санаа тавьж цаг заваа зориулж байгаа.
-Г.Галбадрах: Чиний анзаарч байгаагаар Google компаны бусад компаниудаас ялгарах онцлог нь юу байгаа бол?
-Б.Баттулга: Google-ээр дамжиж анх олны анхаарлыг татаж байсан онцлог соёл одоо бол шинээр төрөн гарч байгаа компаниудад стандарт болсоор байгаа. Хамгийн онцлог зүйл нь инженерт суурилсан компаны бүтэц юм. Бидний мэддэг "дарга" гэсэн мэргэжил энд байхгүй. Компаны бүхий л шийдвэрүүд болон үйл ажиллагааг инженерүүд тооцоо судалгаан дээр үндэслэж гаргана.
Энд менежер хүн бүтээгдэхүүнтэй холбоотой ямар нэгэн шийдвэр гаргах эрхгүй, харин инженерүүдийг тав тухтай ажиллах боломжоор хангаж өгөх үүрэгтэй.Өөрөөр хэлбэл инженер болон менежерүүдийн үүрэг хариуцлагын ялгааг сайн гаргаж өгдөг гэсэн үг. Google-ийн vise president гэсэн цолтой хүмүүсийн ихэнх нь биечлэн код бичдэг инженерүүд байдаг.
-Г.Галбадрах: Энэ харин сонирхолтой мэдээлэл байна. Чи одоо Google дээ ямар чиглэлийн ажил хариуцаж байна вэ?
-Б.Баттулга: Одоо хэрэглэгчийн дараагийн үйлдлийг таамагладаг ерөнхий систем бүтээж байгаа. Ерөнхий систем гэдэг нь дэд бүтэц гэж хэлж болно. Маш олон багууд манай систем дээр түшиглэн өөрсдийн бүтээгдэхүүнээ хөгжүүлдэг. Бид хэрэглэгчийн дараагийн үйлдлийг урьдчилан таамаглаж бусад багууд бидний таамаглал дээр үндэслэн төрөл бүрийн бүтээгдэхүүн, үйлчилгээнүүдийг хөгжүүлдэг. Дэд бүтэц дээр ажиллах нь шууд хэрэглэгчид хүрдэг бүтээгдэхүүн дээр ажиллахаас маш өөр байдаг.
-Г.Галбадрах: Урьд нь чиний хариуцаж гүйцэтгэж байсан ажлаас одоогийн энэ ажил тань ямар ялгаатай байна вэ?
-Б.Баттулга: Урьд нь зөвхөн өөрийн ажиллаж байгаа тухайн бүтээгдэхүүнээ хэвийн ажиллуулахад болдог байсан бол, одоо хэдэн арван бүтээгдэхүүн манай систем дээр ажиллаж байгаа учраас олон зүйлийг давхар бодолцох хэрэгтэй болдог. Хэзээ ч системийн хэвийн ажиллагаанд алдаа гарч болно. Өдөр шөнө харгалзахгүй 10 минутын дотор асуудалд хариу өгөх ёстой, хэрэв үгүй бол асуудал дараагийн шатны аваарын түвшинд шилжээд явна. Систем хөгжүүлэхийн хажуугаар нүсэр системийг хэвийн ажиллуулах ёстой болохоор илүү их ачаалалтай байдаг.
Тав. СОФТВЕРИЙН ҮЙЛДВЭРЛЭЛ
-Г.Галбадрах: Софтвер бол бидний өдөр тутмын амьдралд нилээд орон зайг эзэлж орж ирж байгаа нь анзаарагдаж байна шүү?
-Б.Баттулга: Хүмүүс софтверийн хөгжил, хүчин чадлыг маш дутуу үнэлдэг. Цаашдаа софтвер хүн төрөлхтний хөгжилд маш том байр суурийг эзлэх болно. “Интернет”, “Мобайл” гээд бидний амьдралыг орвонгоор эргүүлсэн том хувьсал өөрчлөлтүүд бүгд софтвер дээр суурилсан. Одоо дэлхийн топ компаниудын хэд нь софтверийн компани болж хувираад байгааг харахад илүү ойлгомжтой байх. Apple, Google, Microsoft, Facebook, Alibaba, Amazon гээд тоолж баршгүй. Энэ тоо цаашдаа улам өсөх болно.
Тун удахгүй хүн төрөлхтнийг “Хиймэл оюун”, “bio informatic” гээд үүнээс том өөрчлөлтүүд хүлээж байгаа. Эдгээр нь мөн л софтверийн салбар юм. Хүн төрөлхтний амьдралын хэв маягийг орвонгоор нь өөрчлөж шинэ хүчирхэг тоглогчдийг бий болгоно. Софтверийн салбарт шинэ зах зээл, шинэ боломжууд олноороо бий болно. Магадгүй нийгэм тэр чигтэй софтвер дээр суурилсан байхаар төсөөлж ч болох юм.
-Г.Галбадрах: Тийм ээ. Мэдээллийн технологийн хөгжлийн хурдац гүйцэгдэхийн аргагүй хурдтай байнаа. "Хиймэл оюун ухаан"-ы үйлдвэрлэлийн талаарх яриа тань сонирхолтой байна шүү?
-Б.Баттулга: Мэдээллийн технологийн томоохон компаниуд, яг тухайн үйлдэл дээрээ хүний уураг тархинаас илүү үзүүлэлттэй хиймэл тархинуудыг бүтээгдэхүүндээ ашиглаж эхэлж байна. Жишээлэхэд: зураг таних, яриаг текст болгох гээд тодорхой үйлдлүүдийг машин хүнээс илүү гүйцэтгэж чаддаг болсон. Энэ бол зөвхөн эхлэл. Одоохондоо энэ технологиуд маань нилээд үнэтэй том хэмжээний тооцоолох төвүүд шаардаж байгаа.
MIT, Stanford гэсэн томоохон сургуулиуд хүртэл, Google, Facebook болон Amazon дээр түшиглэн судалгаа хийхээс дангаараа хүчин чадал нь дутаж байх жишээтэй. Удахгүй хиймэл оюунд тусгайлан зориулагдсан хямд үйлчилгээнүүд болон тусгай зориулалтын хямд компьютерүүд худалдаанд гарч эхлэх болно. Тэр үед хиймэл оюунд суурилсан ямар шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээнүүд шинээр төрөн гарахыг таахын аргагүй. Тэр үеэс жинхэнэ утгаараа машинууд хүнийг орлож эхэлнэ.
-Г.Галбадрах: Мэдээллийн технологийн хөгжлийн хурдацтай "хөл нийлүүлэх", үгүйдээ л "ойртож очих" хэрэгцээ шаардлага, монголчууд бидэнд зайлшгүй бий болж байна?
-Б.Баттулга: Үүний тулд бид софтвер инженерүүдийнхээ тоог эрс өсгөх шаардлагатай болж байна. Жинхэнэ мэргэжлийн түвшинд тасралтгүй 10 жил хөгжүүлэлт хийсэн монгол инженер хэд байгаа бол? Монгол улсын хэмжээнд 20 хүрэхгүй хүн байгаа болов уу? гэж бодож байна. Алсдаа, аль ч улсын хөгжил энэ тооноос шууд хамаарах болно. Миний хувьд мэргэжлийн түвшинд код бичээд дөнгөж 8 жил л болж байна. Бидний үед софтверийн чиглэлээр олон оюутан төгссөн боловч, ихэнх нь дундаасаа шантарсан эсвэл “дарга” гэсэн тодотголтой болж хөгжүүлэлтээ орхисон байдаг.
Одоогоос арван жилийн дараа дахиад л хорь хүрэхгүй мэргэжлийн инженертэй сууж байвал яах вэ? гэдэг асуулт маш их санаа зовоож байна. Тиймээс энэ салбарт дөнгөж хөл тавьж байгаа 90-ээд оны залууст үлгэр дуурайлал болж тэднийг 10 жилийн дараах жинхэнэ мэргэжилтнүүд болгох нь миний үүрэг гэж бодож байгаа. Хэрэв бид хорь биш хорин мянган жинхэнэ мэргэжилтэнтэй болчихвол Монголоос төрөн гарах аварга софтвер компаниудыг хэн ч зогсоож дийлэхгүй болно доо. Энэ бол бидний ирээдүйн зорилго мөн.
-Г.Галбадрах: Софтвер инженерийн чиглэлээр мэргэжил эзэмшихэд суурь мэдлэг нь математик байх уу? Монголын математик сургалтын аргачлал, үр дүн нь чамлалтгүй юм уу? гэж надад анзаарагддаг юм. Энэ талаар чиний бодол?
-Б.Баттулга: Софтвер инженерүүд дунд математикийнхан нилээд бий. Монголын математик сургалтын түвшин олон улсын хэмжээнд нилээд дээгүүрт тооцогддог байсан. Харин сүүлийн үед жаахан буураад байгаа юм уу? гэлтэй байгаа. Үүнийг улам сайжруулах шаардлагатай. Софтвер инженерүүдийг ажиглахад 2 янз байдаг. Нэг нь математикт дур сонирхолтой хүүхдүүд алгоритмаар дамжин софтверт сонирхолтой болсон байдаг. Нөгөө хэсэг нь багаасаа софтверийг хакер талаас нь илүү сонирхож орсон байдаг. Эдгээр хүмүүсийн чадвар хоорондоо ялгаатай, гэхдээ жинхэнэ амжилтанд хүрч байгаа инженерүүдэд энэ хоёр чадвар хосолсон байдаг.
-Г.Галбадрах: Софтверийг товчоор тайлбарлавал?
-Б.Баттулга: Математикийг бол “Төгс төгөлдөр, гоо сайхан”тай, харин софтверийг бол “Эр зориг, хүч чадалтай зүйрлэж болно.” Би Их Сургуульд 6 жил суралцаж нэг хоёр жил Google-д ажилласны дараа л үүнийг ойлгож мэдэрч байгаа юм. Математикийн гоо сайхантай харьцуулбал Софтвер гэдэг чинь хачин царай муутай амьтан. Гэхдээ софтверт өөр юунд ч байхгүй эр зориг хүч чадал бий. Эргээд бодоход, би бас софтверээс матетикийн гоо сайхныг хайж их төөрөлдсөн юм шиг билээ. Үүнийг л сайтар ойлгосны дараа л софтверт чин сэтгэлээсээ дурлаж байгаа юм.\инээв\
Зургаа. ХӨГЖЛИЙН ЧИГ ХАНДЛАГА
-Г.Галбадрах: Бидний өдөр тутмын хэрэглээ болсон гар утас, зөөврийн компьютер, фейсбуук болон хэрэглээний олон программууд аажимдаа хувь хүний хөгжил, хувь хүний мөн чанарт муугаар нөлөөлж болзошгүй мэт надад санагдаад байдаг юм. Уураг тархиа ажиллуулахаас хэтэрхий бэлэнчлэх сэтгэлгээнд уусаж, аажимдаа хэрэгтэй хэрэггүй мэдээллүүдийн цуглуулга болж ч магадгүй? гэж заримдаа надад бодогддог юм.
-Б.Баттулга: Мэдээллийн технологи, гарцаагүй бидний амьдралд болон бие мах бодид маш ихээр нөлөөлж байгаа. 80-аад оныхон болон 90-ээд оныхны хооронд гэхэд л сэтгэлгээний маш их ялгаа ажиглагддаг. Зарим чадварууд байхгүй болж ч байгаа байх. Гэхдээ бидний тархины нэг хэсгийг компьютер орлож болж байхад тэр чадварын шаардлага байхгүй л болов уу? Харин ч хүн төрөлхтөн шинэ орчинд ийм хурдан дасан зохицож өөрчлөгдөж байгаа нь гайхалтай. Жишээлээд хэлэхэд, хүн төрөлхтөн анх гутал хийж өмссөн гэж бодъё. Тэр үед ч мөн адил гуталнаас болоод орчин үеийн хүүхдүүдийн хөл муудаж байна гэж санаа зовж байсан болов уу? Харин одоо бол гутал хүн төрөлхтөнд муугаар нөлөөлсөн гэж ярих хүн байхгүй.
-Г.Галбадрах: Монгол залуус софтвер чиглэлийн компаниуд байгуулаад хамтарч ажиллахаар зорьж байгаа тухай чи дээр дурдсан. Мэдээж энэ маш хэрэгтэй эхлэл гэдэгтэй би санал нийлж байна. Та нарын ойрын зорилт тань юу вэ?
-Б.Баттулга: Бид Цахиурын хөндийг хөрөнгө оруулагчдаар дүүрэн газар гэж ойлгодог. Хүнтэй 30 минут яриад л хэдэн сая долларын хөрөнгө оруулалт авсан талаар зөндөө сонсож байсан байх. Тэр нь нэг талаар үнэн, мөн олон зүйл шаардалгүй хөрөнгө оруулалт хийдэг нь ч үнэн. Гэхдээ нөгөө талаас хэн ч хамаагүй жаахан худлаа яриад хөрөнгө оруулалт авах боломжтой гэж ташаа ойлгодог. Тэд ямар нэг санаанд биш, ямар нэг бизнес төлөвлөгөөнд биш "хүн"-д хөрөнгө оруулдаг. Хөрөнгө оруулагчдийн хувьд "Чи хэн бэ?" гэдэг хамгийн чухал. Тэдэнд хэн хэдгээ харуулж чадаагүй бол сохор зоос ч олдохгүй. Тиймээс бид алхам алхмаар "хэн" гэдгээ таниулж, тасралгүй ахиж байгаагаа харуулах ёстой. Тиймээс энэ салбарт ажиллаж байгаа хэд хэдэн шинэ залуусыг дэмжин ажиллаж байгаа.
-Г.Галбадрах: Чи ер нь 90-ээд оны залууст их найдвар тавиад байнаа даа?
-Б.Баттулга: Тэгэлгүй яахав. Бидний үеэс мэргэжлийн инженер дэндүү цөөхөн гарсан учраас, томоохон зүйл бүтээх боломж тун бага байгаа. Тиймээс дараагийн үед найдлага тавьж тэдэнд туслаж дэмжих нь чухал. Бидний үеийнхэн болж өгвөл энэ салбарын мэргэжлийн хөрөнгө оруулагч болохыг хичээх ёстой мэт санагддаг?
-Г.Галбадрах: Мэдээж энэ салбарыг хөгжүүлэхийн тулд, Төр Засгаас ч бодлогоор дэмжих хэрэгтэй байх?
-Б.Баттулга: Төр засаг оролцохгүй байх нь хамгийн том тус дэм болж байгаа хэрэг гэж хэлж болно. Мэдээллийн технологи нь цаг минутаар өөрчлөгдөж байдаг зүйл харин хууль журам хэзээ ч үүнийг гүйцэх боломж байхгүй.
Жишээлэхэд Солонгос улсын тухайд олон жилийн өмнө "хамгийн мундаг цахим төлбөр тооцооны аргачлал гаргалаа" гээд үүнийгээ хуульчилж орхисон. Харин салбарын мэргэжилтнүүд энэ хууль Солонгосын мэдээллийн технологийг 10 жилээр ухрааж уналтанд оруулсан гэж үздэг. Сүүлд ерөнхийлөгч нь ард түмнээсээ уйчлалт гуйж энэ хуулийг хүчингүй болгосон. Хууль, дүрэм журам энэ салбарыг хурдыг гүйцдэггүй.
-Г.Галбадрах: Тэгэхээр алив хөгжлийг хуулиар зохицуулж, хязгаарлаж болдоггүйн жишээ юм уу даа?
-Б.Баттулга: Тийм гэж хэлж болно. Ялангуа Солонгос Улсын тухайд маш олон буруу хууль журмаас болж энэ салбрын өрсөлдөх чадвараа эрс бууруулсан. Цагтаа, Гар утсаар, онлайн тоглоомоор дэлхийд тэргүүлж байсан. Үүнийгээ засахын тулд саяхнаас “Software Policy Research Center” гэж хэдэн зуун судлаачид, инженерүүдээс бүтсэн судалгааны төвийг Ерөнхийлөгчийн дэргэд байгуулж энэ төрлийн буруу хуулиудаа засахыг эрмэлзэж байна.
-Г.Галбадрах: Бас энэ салбрын өрсөлдөөн чухал үүрэг гүйцэтгэх байх гэж бодож байна?
-Б.Баттулга: Өрсөлдөөнийг бий болгох нь маш чухал. Монгол хүүхдүүд бүгд л багадаа ноцолдож барилдаж үздэг. Тэр дундаас үнэхээр хүчтэй, зоригтой, авьяастай хүүхдүүд нь тунаж үлдээд бөх болдог. Бүх нийтийг хамарсан энэ их өрсөлдөөний дундаас бөх болж байгаа учраас Монголоос сумогийн аваргууд төрж байгаа хэрэг. Бид энэ зарчмаар, багаасаа өндөр өрсөлдөөн дунд инженерүүдээ бэлтгэдэг болгох хэрэгтэй санагддаг.
-Г.Галбадрах: Энэ санаа тань надад таалагдаж байна. Нөгөө талаасаа софтверийн хөгжлийн ирээдүйн төлвийг ч бид анхаарахгүй байж болохгүй юм шиг?
-Б.Баттулга: Өнгөрсөн хугацаанд үйлдвэрийн автоматжуулалт, байгууллагын бүтэц дээр тулгуурлаж бизнесийн өрсөлдөх чадварыг сайжруулсаар ирсэн. Харин одоо бол бизнесийн бүх салбарт софтверийн тусламжтайгаар маш их optmiization хийх боломжтой эрин үе ирж байна. Uber үүний тод жишээ юм. Uber бол Цахиурын хөндийгөөс софтвер инженерүүдийн төрүүлсэн 40 тэрбум долларын таксины компани. Amazon, Airbnb, Tesla, Square гээд маш олон ийм жишээг татаж болно. Цахиурын хөндийгөөс одоо бизнесийн бүхий л салбаруудыг эзэлж эхэлж байна. Хиймэл оюуны үе эхлэх үед мэдээллийн технологийн бус салбар гэж үндсэндээ үгүй болно.
Долоо. БИД БАЯЛАГТАЙ ОРОН МӨН ҮҮ?
-Г.Галбадрах: Сонирхолтой төсөөлөл байна. Монголын хөгжлийн талаар анзаарч, дүгнэж байгаа юу?
-Б.Баттулга: Монголд маань одоо уул уурхайн салбартаа илүү анхаарлаа хандуулаад, тэндээс мөнгө орж ирэхээр бусад салбруудаа хөгжүүлнэ гэж төсөөлөөд байх шиг байгаа юм. Яг үнэндээ Монголын байгалын баялагийн хэмжээг бусад баялагтай орнуудтай тоо хэмжээгээр нь харьцуулахад үнэхээр юу ч байхгүйтэй адил шүү дээ.
200 треллон куб мерт байгалын хийтэй Орос, 300 биллион баррель нефьттэй Венесуэл, Арабын орнууд бол өөр хэрэг. Дэлхийн хэмжээнд их хэмжээний газрын тос, байгалийн хий зэргийг л "баялаг" гэж тооцож байна шүү дээ. Ийм том хэмжээний газар нутагтай мөртлөө манайх шиг хоосон газар дэлхий дээр ховор байх шүү. Баялаггүй дээрээ ус ч, хүн ч алга байна. Бид "дэндүү их баялагтай" гэж бодох нь төөрөгдөл мэт санагддаг. "Бидэнд байгалийн баялаг байхгүй" гэж бодоод хөгжлийг өөр өнцгөөс харах нь хамаагүй дээр юм шиг надад заримдаа санагддаг юм.
-Г.Галбадрах: Бид энэ талаар санаа тавьж бодохгүй, анзаарахгүй байгаа. Харин залуус та нар өөр талаас нь харах хэрэгтэй болж байгаа шүү дээ?
-Б.Баттулга: "Байгалийн баялагтай орон" гэдэг өнөөгийн хэлц үгийг залуус бид ор тас мартах хэрэгтэй мэт санагддаг. Яаж богино хугацаанд инженерийнхээ тоог зуу дахин, мянга дахин өсгөх вэ гэдгийг л бодох хэрэгтэй мэт. Үүний тулд бид өөрсдөө бусдад үлгэр дуурайлал болж дагаж дуурайх хүслийг төрүүлэх ёстой байх.
-Г.Галбадрах: Уулзаж ярилцахад таатай байлаа. Чиний ярианаас хөгжлийн тухай огт өөр төсөөлөл авлаа, миний хувьд. Бас мэдээллийн технологийн дэлхийн хэмжээний салбруудад ажиллаж байгаа монгол залуусын нэгдэл, хамтын ажиллагааны оролдогуудын талаар сонсож мэдэрч байхдаа баяртай байгаа шүү. Хэзээ нэгэн цагт та нарын энэ хичээл зүтгэл амжилтад хүрнэ гэдэгт итгэж байна. Та нарт амжилт хүсье.
-Б.Баттулга: Уулзаж ярилцсан танд ч бас баярлалаа. Мэдээллийн технологийн хөгжил, софтвер хөгжлийн талаар өсч өндийж байгаа монгол залууст ойлгуулж сурталчлах хэрэгтэй байна. Та бид 2-ын ярилцлага энэ санаанд бага боловч нэмэр болох байх гэж найдаж байна. Бид өөрсдөө бас хичээх хэрэгтэй болж байна.
...Софтвер дээр суурилсан дэлхийн хөгжлийн ирээдүйн чиг хандлагын талаар тайлбарласан түүний яриа сонирхолтой төдийгүй уламжлалт хөгжлийн тухай миний бодлыг ч өөрчилсөн. Уул уурхайн баялагтаа дулдуйдаж биш, шинэ үеийн залуусын уураг тархины хөгжил дээр Монголын хөгжлийг төсөөлж харсан нь, түүний төлөө өөрийн чадах зүйлээ хийж эхэлж байгаа нь надад сайхан сэтгэгдэл төрүүллээ.
Өнгөрсөн зун тэрээр Монголынхоо 14 залуусыг дагуулан Хонг Конгод болсон мэдээллийн технологийн "Хөрөнгө оруулалт"-ын арга хэмжээнд оролцож тэдэнд энэ талаар мэдлэг мэдээлэл авах боломжийг олгосон нь бодит ажлуудын нэг нь. Монголын дунд сургуулиудын сурагчдад код бичихийг зааж сурган, мэдээллийн технологи болон софтверт дурлуулан олон олон софтверийн инженерүүдийг бэлтгэх нь алсдаа Монголын хөгжлийг дэлхийн түвшинд аваачих том боломж гэж тэрээр үзэж байгаа юм.
"Цахиурын хөндий"-д ажиллаж байгаа монгол залуус болон АНУ-д суралцаж байгаа олон монгол залуус ч энэ талаар санаа тавьж "зуны сургалт"-уудыг зохион байгуулж, оюутан сурагчдыг хэрэгтэй мэдээллээр хангах ажлуудыг санаачлан хийж байгаа. Дэлхийн хэмжээний компаниудад ажиллаж байгаа монгол залуус Монголын хөгжлийг "байгалын баялаггүй", харин "хүн баялаг" тайгаар харж байгаа нь хамгийн үнэтэй санаа. Энэ бүхэнд Б.Баттулгын хувь нэмэр их байгаа. Чамд их баярлалаа, бас амжилт ерөөе, Б.Баттулгаа.