Tuesday, June 27, 2017

Мэдээллийн Технологи ба Хууль Тогтоомж (Солонгос Улсын жишээ)

Мэдээллийн технологтой ямар нэгэн байдлаар холбогдох хуулийн төслүүд маш хурдтай хөгждөг энэ салбарт нэмэр болохоосоо нэрмээс болох нь их. Сүүлийн үед Монголд ч мэдээллийн технологи болон түүнд суурилсан хүмүүсийн харилцааг хуулиар хязгаарлах гэсэн оролдлого гарах болжээ. Сургамж болгох үүднээс мэдээллийн технологийг хуулиар зохицуулах нь ямар их хор уршиг авч ирдэг болохыг тайлбарлаж, өөрийн санаж байгаагаар Солонгос улсын жишээнүүдийг түүвэрлэн бичлээ. Цагтаа мэдээллийн технологоор дэлхийн тэргүүлэгч болж байсан Солонгос улсад энэ салбартай холбогдолтой гарсан хууль бүр хөгжлийг нь хойш татаж байсныг санаж байна.

Нэгдсэн Төлбөр Тооцооны Систем
Олон арван жилийн өмнө Солонгост интернэтээр дамжуулан төлбөр тооцоо хийх болжээ. Мэдээж олон төрлийн үйлчилгээнүүд гарсан хэрэг. Гэтэл үүнийг л хуульчилж дэг журмыг тогтоох нь зөв гэж төрөөс шийджээ. Тухайн үеийн хамгийн дэвшилтэт технологийг сонгож, үүнээс өөр технологи ашиглах нь аюултай тул, өөр технологи хэрэглэж төлбөр тооцоог хийхгүйгээс гадна, шинэ софтверийн хувилбар бүр эрх мэдэлтнүүдийн хяналтаар орж зөвшөөрөгдөж байхаар тогтов.

Тухайн хуулийг цухас тайлбарлавал, тэр үед зах зээлийн 98%-ийг эзлэж байсан Windows дээр, мөн үедээ хамгийн дэвшилтэт технологи болох ActiveX ашиглан, хэн ч тайлах боломжгүй public/private key дээр тулгуурлан хийгдэхээр хуульчлагджээ. Гэтэл хэдхэн жилийн дотор бусад улс орон гар утаснаасаа төлбөр хийж эхлэх нь тэр. Mobile технологийн эрин үе ирж байгаа нь энэ ажээ, гэтэл Солонгос байдаггүй. Гар утсанд windows ч байсангүй, ActiveX ч байсангүй. Мөн удалгүй, хэдхэн жилийн дараа iphone (2007) гарч дэлхийг донсолгов, хөгжүүлэгчид ухаалаг утсанд суурилсан шинэ бизнес моделийг бий болгохоор хошууран орлоо. Харин анхны iphone Солонгост ирж хөгжүүлэгчид дэлхийн тоглоомонд оролцох хүртэл бараг гурван жил зарцуулагдсан юм (2009 оны сүүл). Аргагүйн эрхэнд хуулийн хүрээнээс гадуур төлбөр тооцоонууд хийгдэж. Ерөнхийлөгч нь ард түмнээсээ уучлалт гуйж, гай болсон хуулийг зайлуулах хүртэл олон жил зарцуулагдсан юм. (2014)

Гай үүгээр зогссонгүй, Солонгосын төрийн байгууллагууд activeX-ээс болоод салж чадахгүй, дийлэнх хэсэг нь хэрэглэж байсан window 98-ийг нэг л өдөр Microsoft компани дахиж хэзээ ч update хийхгүй гэдгээ хэлээд хааж орхилоо :)...

Энэ хуулийг сүүлд мэргэжилтнүүд Солонгос улсын хөгжлийг 10 жилээр ухраасан гэж дүнэлт гаргасан байдаг. Хуулийг буцаасны дараа, Солонгост хэрэггүй болсон төлбөрийн системээ Монголд шахах санаатай лобидаад явж байж билээ. Бид сайхан зүйлтэй болох гэж байна гээд телевиз радиогоор баахан ярьсан санагдана.

Газрын Зураг
Солонгост газрын зургийг гадагшаа гаргаж болохгүй гэсэн хууль байдаг ажээ. Дайны үеийн хууль юмдаг уудаа. Энэ хууль нь цаасан болон дижитал газрын зураг аль алинд нь хамаатай. Үүнээс болоод Солонгос улсад газрын зурагтай холбогдолтой үйлчилгээ үзүүлэхэд маш хүндрэлтэй.

Жишээлэхэд газрын зургийг өндөр нарийвчлалтай үзүүлэх боломжгүй байдаг. Гэхдээ мэдээж бүх зүйл зөвхөн .co.kr гэсэн хаяг дээр үйлчилнэ. Харин .com бол Солонгосын хуулиас гадуур байх тул өндөр нарийвчлалтай сансраас авсан зургаар үйлчлэх нь мэдээж. Ингээд зөвхөн Солонгосчууд өөрсдөө үзэх эрхгүй, харин гадаадынхан өндөр нарийвчлалтайгаар үзэх боломжтой газрын зурагтай байдаг.

Алдагдсан Тоглоомын Зах Зээл
Цагтаа Солонгосчууд MMORPG тоглоомын зах зээлийг бүрэн эзэгнэж байлаа. Nexon, NCSoft гээд хүчтэй компаниуд дэлхийд тэргүүлэх болсон юм. Хууль тогтоогчид, тоглоом хүүхдийн хүмүүжилд маш аюултай тул 18 нас хүрээгүй бол өдөрт тоглох цагийг нь хязгаарлаж орой 10 цагаас хойш тоглож болохгүй гэсэн хууль гаргав. Тоглоомын компаниуд зөвхөн иргэний үнэмлэхний дугаараар орж тоглох боломжтой болгон тоглоомуудаа засаж хязгаарлалт хийхээс өөр аргагүй боллоо. NCSoft-д ажилладаг найз маань, орой 10 цаг болох үед хэрэглэгчийн тоо гэнэт багасаад буцаад хэвэндээ ордог, харин хэрэглэгчийн дундаж нас 30 орчим байснаа 10 цагаас хойш 65 болж өсдөг гэж билээ. :) Өвөө эмээ нарын иргэний үнэмлэхний дугаар хамгийн амархан олддог ажээ. Үүнтээ зэрэгцээд Хятадын тоглоомын сайтууд дээр Солонгосчуудын иргэний үнэмлэхний дугаар хэдэн мянгаараа зарагдаж эхлэсэн түүхтэй.

Үүгээр зогссонгүй тоглоомуудыг нас насаар нь ангилах хэрэгтэй бөгөөд үүнийг соёлын яам хийж үнэлгээ өгөхөөр болов. Гэтэл гар утасны тоглоом хоёрхон замаар л хэрэглэгчдэд хүрнэ, iphone appstore эсвэл android playstore. Эдгээр компаниудын аль нь ч өдөрт хэдэн зуугаараа шинээр гарч ирэх толоомуудын үнэлгээг Солонгосын соёлын яамныхантай яриад сууж байхгүй resource байхгүй. Мөн гар утасны тоглоомын хит болох нас дунджаар 1-2 сар, гэтэл соёлын яам үүнийг хянаад хариу ирүүлтэл 6 сар болох ажээ. Apple болон Google компаниуд Солонгост тоглоомын категороо шууд л хааж орхилоо. Ингээд цагтаа мандаж байсан Солонгосын дэсктод тоглоомууд гар утасруу шилжиж чадалгүй дэлхийн зах зээл дээрх өрсөлдөх чадвараа алдсан түүхтэй. NCSoft-д ажилладаг байсан найзууд маань, "Цагтаа Tencent биднээс танай тоглоомыг чинь орчуулж Хятадад гаргая гээд л гуйгаад явдаг байж билээ." гэж санаа алддагсан.

Долгионы Зөвшөөрөл
Галав эртний үед Нокиа гэж компани гар утасны зах зээлийн бараг 90%-ийг эзэлдэг байлаа. Гэтэл Солонгосын хэд хэдэн компани гар утас бүтээх болж богино хугацаанд Нокиагийн зах зээлийг эзэлж эхэлсэн юм. Ингээд Солонгосын компаниуд (Samsung, LG, Pantech) нийлээд зах зээлийн 40%-с дээш хувь хүртэл эзлэж эхэлжээ. Эдгээр гар утасны компаниуд өөрсдөө санаачилсан уу бүү мэд. Ямарч байсан Солонгосын дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс долгионы зөвшөөрөлтэй гар утсыг л Солонгос хэрэглэхээр хуульчилжээ. Энэ хуулиас болж анхны iphone Солонгос улсад орж ирэх хүртэл 3 жил зарцуулагдсан юм. Ямар ч глобал компани маш нууцаар үхэн хатан хөгжүүлж байгаа гар утсаа бариад Солонгосын мэдээлэл технологийн яаман дээр гүйж байх сонирхолгүй. Ингээд Солонгос улсад зөвхөн дотоодын утаснууд зарагдах болсноор вакум орчин үүсэж цагтаа мандаж явсан гар утасны компаниуд дэлхийн зах зээл дээрх өрсөлдөх чадвараа алдаж эхэллээ.

Зөвхөн гар утасны компаниудын өрсөлдөх чадвар муудсанаар асуудал дууссангүй. Дэлхий даяар бүх зүйл гар утасруу шилжиж, гар утсаар бүхий л бизнэсүүд явж шинэ залуу технологийн компаниуд гарч ирж байх яг энэ үед. Солонгос улс энэ бүхнээс тас харанхуй хоцорч эхлэв. Солонгос залуус гар утасны програмаа цаашдаа хэнч хэрэглэхгүй 3 өөр үйлдлийн систем дээд бичэхээс гадна. Програм бичээд түүнийгээ аль нэг монипол сүлжээний компанийг царай алдаж байж үнэгүй шахуу өгөхөөс өөр зам байсангүй. Яг энэ үеэс хамгийн их өрсөлдөөнтэй, хамгийн чадварлаг оюутнууд ордог байсан IT, Electronic-ийн ангиудад хүүхдүүд орохоо больсон юм. Цагтаа шилдэг оюутнуудаар тэжээгдэж байсан IT салбарын хамгийн том гарз энэ байлаа. Түүнээс хойш Солонгос улсаас дэлхийн хэмжэний startup төрөн гарахгүй байгаа гол шалтгаан нь яах аргагүй чадварлаг боловсон хүчний дутагдал байсаар байна.

Хэнд ч Зориулагдаагүй Сурталчилгаа

Мэдээллийн технологоор дамжуулан Солонгосын соёлыг гадаадад сурталчлах хэрэгтэй гэж хэн нэгэн үзсэн бөгөөд үүнд засгаас мөнгө гаргаж соёлын яам янз бүрийн веб сайт урлахаар болов. Олон сая доллар зарцуулсан нүсэр төслүүдийн дараа хэдэн сайттай болсон аж. Гай газар дороос гэж, яг үүнтээ зэрэгцээд төрийн хэдэн байгууллага иргэдийн мэдээллийг алдсан асуудал гарлаа. Энэ алдааны гол буруутан нь хайлтын системээр тодрох нь тэр. Хайлтын систэм иргэдийн мэдээллийг хайж олж өгсөн нь буруу юм санж. Ингээд төрийн байгууллагуудын захирамж гарлаа. Төрийн байгууллагууд robot.txt ашиглан бүх мэдээллээ хайлтын систем хэзээч олж болохооргүй тас нууж бай гэж нэг бүрчилсэн заавар гарсан аж. Ингээд л хэдэн жилийн турш нөгөө олон сая доллар зарцуулсан соёлын сурталчилгааны сайтууд нь хэн ч орж үзэлгүй хэвтсэн түүхтэй.

Даргыг Муулагчдыг Барьсан нь
Солонгосын ерөхийлөгч байсан Имёнбагийн үед түүнийг муулсан коммент интернэтээр нэг дүүрлээ. Муухай коммент бичсэн хүмүүсийг барьж хорих нь зүйтэй гэж үзсэн тул комент бичдэг сайт бүхэн заавал иргэний үнэмлэхээр нь баталгаажуулж байх хуулийг батлав. Үүнийг мэдээллийн технологийн компаниуд яаж ч эсэргүүцээд дийлсэнгүй. Энэ хуулийн хүрээнд мэдээллийн технологийн компаниудад байнга цэрэг цагдаа оруулах болов. Үүний үр дүнд Солонгос дахь гадны мэдээллийн технологийн компаниуд хөрөнгө оруулалтаа хумиж эхэлсэн гэж анзаарагддаг юм. Хүчтэй мэдээллийн технологийн компаниуд Солонгосоос жийрхэх болсон шалтгаан нь энэ хууль болон тэр үеийн болчимгүй үйлдлүүд байлаа.

Software Policy Research Institute
Солонгос улс биднийг бодоход мэдээлэл харилцаа холбооны яам гэж тусдаа яамтай бодлого боловсруулж судлах газартай улс юм. Гэсэн хэдий ч гарсан хууль бүр нь гамшиг тариад байдгийн шалтгаан юу бол. Ямар ч байсан эцэст нь тэд хичнээн их балаг тарьснаа ойлгож нэгэн санаа олсон нь софтверийн хууль эрх зүйн судалгааны төв гэж байгууллага байгуулахаар болов.

Анх байгуулагдахдаа нийт судлаачдын 70% нь софтвер инженэрүүд болон софтвер судлаачид, 30% нь хууль эрх зүйн судлаачид байхаар тогтож байсан юм. Ингээд тэд зөвхөн мэдээллийн технологид холбогдох хуулиуд биш бүхий л гарч байгаа хуулиудын софтверийн зах зээлд үзүүлж болох нөлөөллийг судалж мэргэжлийн хяналт тавьж зөвөлгөө өгч байх үүрэгтэйгээр байгуулагдсан юм. Энэ байгууллагын үр дүн ямар байгаа талаар сүүлийн үеийн мэдээллэл байхгүй байна. Мэргэжлийн биш хүмүүс замбараагүй хууль гаргах ямар аюултай болохыг хожимч гэсэн ухаарч засахыг оролдсон нэг алхам байлаа. Хувьдаа үүнийг зөв алхам гэж бодохгүй байгаа ч....

Хууль зохиогчид нь гайгүй бүхнийг нь юу ч үгүй болтол хорлоод байхад л яаж ийгээд өөр нэг зүйл олж хийгээд дэлхийд өрсөлдөөд байдаг Солонгосчууд бас л хоншоортой ард түмэн шүү.

Төгсгөл
Мэдээллийн технологийн салбарт хаа хамаагүй хууль батлагчид байтугай жинхэнэ мэргэжилтнүүд нь ч гурван сарын дараа юу болохыг таах аргагүй. Тиймээс өдөр бүр өөрчлөгдөх технологийг хуулийн өөрчлөлт хэзээ ч гүйцдэггүй ажээ.
Сургамж авч хэрэггүй хууль зохиож улсаа хорлохгүй байхыг хүсье!

1 comment:

Unknown said...

Bi huvida solongosig IT ger delhiid nileen deegvr ordg gj boddg bla. Bas hetsvhn l bgn bn heregtei hereggvi huuli nemer bish bvvr nermes boldg ym bn

Google Analytics