Wednesday, May 6, 2015

Шинэ ёс зүйг шаардах алтан боломж

90-ээд оны ардчилсан хувьсгал гэх! Энэ бүхэн бага байхад маань болж өнгөрсөн. Аав, ээж, ах эгч нар маань бүгд л болж байгаа үйл явцыг телевизээр нүд салгалгүй харж, их догдолж байсан санагдах. Бүгд л Сүхбаатарын талбайд очихоор нэхий хүрмээ өмсөөд гарч байсныг санадаг юм. Одоо бодоход тэд нар маань хичнээн их итгэж найдаж, бас санаа нь зовж, бас сэтгэл нь хөдөлж байсан бол гэж бодох.

Хүн болгоны итгэл үнэмшлийн төлөөлөгч болж хэсэг бүлэг хүмүүс Сүхбаатарын талбай дээр гарч ирж, тэдний хэл яриа үйлдэл болгоныг бүгд чих тавин сонсож байлаа. Олон хүний хэлэх гэснийг төлөөлөн хэлж тэдний хүслийг гүйцэлдүүлж өгсөн нь мэдээжийн магтаал сонсохоор сайн үйл хэрэг. Гэхдээ энэ нь ямар нэгэн давуу эрх эдлэх шалтаг биш юм.

Тухайн үед энэ хүмүүсийг цаашдаа 25 жил улиг болтлоо телевизээр харах байснаа мэдсэн бол хүмүүс арай өөр маягаар хандах байсандаа гэж боддог юм. Мөн хэдэн сар талбай дээр суучихвал цаашдаа 30 жил дархан эрхтэйгээр юу дуртайгаа хийх боломжоор хангагдана гэж мэдсэн бол бүгд нэг нэг цагаан хоолой байраад гүйлдэх байсан байхдаа ч гэж бодох.

Ямар ч байсан Монгол бөхийн дүрэм шиг өнгөрсөн баларсан гавьяагаараа дулдуйдан хамгийн туниа муутайг нь авч гуядсаар байнга давуу эрх эдлэх дархан аваргын цолыг тэдгээр хүмүүс хүртжээ. Бид ч гэж бид, хэн илүү жүжиг тавьж хэн илүү хулгай хийсэнтэй нь л зууралдаад байх. Хүн их хүндлэлийг хүртэх тусам илүү хатуу шалгуур, илүү хатуу давааг туулах ёстой. Мөн хүнийг өнгөрсөн баларснаар нь бус зөвхөн одоогийн чадамжаар нь үнэлэж дүгнэх нь зөв байлтай.

Одоо эргээд бодохооор, бага байсан болохоор Сүхбаатарын талбай дээр цагаан хоолойгоор юу гэж яриад байсныг огт санадаггүй юм. Харин тэр үеийн зургуудыг эргээд харахад "Би дарга больё, би бүгдийг нь хулгайлая!" гээд орилоод байсан юм шиг л санагдах.

Цаг хугацаа бүхнийг илээх хүчтэй тул нөгөө дархан аваргууд маань цагийн эрхээр халагдах солигдох цаг үе дөхөж байна. Энэ үед, шинэ залуус мөн урьдын адилаар тухайн цаг үеийнхнийхээ хүсэл мөрөөдөл итгэл найдварыг ярисаар гарах нь мэдээж. Гэхдээ энэ удаад тун нухацтай бодоцгооё. Таны сонгож байгаа хүн чинь, одоогийн баатрууд чинь таны үр хүүхэд нас биенд хүрэх үед дийлдэшгүй мангас болоод бүхний итгэл найдвар нандин бүхнийг цөлмөн дээрэмдэж байх болно гэж төсөөлдөө. Яг тэгэж мангас болохынх нь өмнө, эсвэл хүч чадал, чадвал чадамж нь буураад ирэхэд эсвэл түүнээс илүү хүн гараад ирэхэд, эсвэл болохгүй хүн байна гэдгийг нь мэдэх үед тэр дариуд нь хөөгөөд явуулж чадах эсэхээ байнга бодоцгооё. Энэ боломжыг өөрсдөө баталгаажуулж өгсөн тохиолдолд л сонгоё.

Алдаагаа засья!

Өнгөрсөн хугацаанд хэн хаана юу шахсан, ямар төсөл авч өгөөд талыг нь цавчсан, хаана ямар хамаатны хүнээ ажилд оруулсан гээд л Монгол жижигхэн болохоор бүгд л нөгөө хэдийнхээ талаар ам дамжуулан ярьж хүүрнэлдэх боловч ямар ч арга байхгүй. Үүнийг олж илчлэхийг хүсвэл хайран цаг бас бөөн зовлон тэгээд ч ингэж байж зөвхөн өөрөө хохироод өнгөрөх магадлал маш өндөр. Нөгөөх нь нэг үлгэр зохиогоод мэлзэж эхэлнэ, энэ нь яваандаа жүжиг болж хүн бүхэн талцаад хэсэг хөөрөөөд тэгээд мартаад өнгөрнө. Ийм юм хөөцөлдөөд явах завтай ч хүн алга.

Харин шинэ улс төрийн орчиндоо дараах зүйлийг тохироё тэгээд амлалтыг нь авая. Бид одоо хүн сонгохдоо, чи юу хийх вэ гэж асуухаас гадна чи ямар тохиолдолд өөрөө буух вэ гэдгийг нь асууж бичгээр амлалт авцгаая. Тухайн хүн өндөр хариуцлага үүрч өндөр эрх эдэлж байгаа бол өчүүхэн төдий ч хэр буртагтай байж болохгүй. Энэ нь жижиг том гэлтгүй бүх сонгууль томилгоонд хамаатай байг. Ямар нэгэн буруу зүйлд орооцолдон цуу яриа ч болтугай гарсан л бол. Хурлаа, ажлаа тасалсан бол. Төрийн ажлыг хувийн бизнестэй хутгасан бол, таны томилсон хүн алдаа гаргасан бол үг дуугүй буух ёстой. Цуу ярианы үнэн худал нь ч тийм чухал биш, ийм зүйлд нэр холбогдохоор харагдсан учраас л цуу яриа гарч таараа. Үүгээр улс төрийн кариер нь дуусах ёстой. Дөрвөн жил дэндүү урт. Япон, Солонгост бол улс төрийн байтугай өөрөө биологийн кариераараа төлөөсөө төлөх нь ч элбэг.

Шинээр гарч ирж байгаа хүн ч бай нам ч бай шинэ улс төрийн соёлыг бүтээж өөрөө өөртөө хариуцлага тооцдог зарчимыг бий болгоё. Үүнийг бид (сонгогчид) шинэ соёл, шинэ шалгуур болгож чадвал бусад нь дагахаас өөр аргагүй. Буруу зүйлд нэр холбогдвол заавал хүнээр хэлүүлээд чичлүүлээд байлгүй өөрсдөө хурдан зайгаа тавиад өгөх соёлыг дэлгэрүүлье. Энэ амлалтаа бичгээр бичээд online хэлбэрээр тавиад амлалтаа биелүүл. Тэгвэл таньд итгэе.

Үүнийг ямар нэгэн хуулиар зохицуулах нь тун ээдрээтэй бөгөөд илүү зардал юм. Бид АТГ-ийг мэднэ бас хэл ам хэрүүлийн бай болох. Хамгийн чухал нь ухамсар, ёс зүй тэгээд хүлээн зөвшөөрөгдсөн соёл.

Хэрэв энэ бүхэн үйлчлэхгүй гэж үзвэл сонгогчид бид "Нэхэл хатуу" гэсэн нэртэй шинэ тоглоомын дүрэм зохиосонч болох юм.

4 comments:

nhbt said...

Дэмжиж байна.

Munkhbaatar Batbaatar said...

"Програмчлахдаа нөхцөл шалгаж биелсэн нөхцөлд хэрэгжүүлэх үйлдлийг тусгая." гэж буй мэт ойлгогдож байна.

Temurbat Nergui said...

Шаардах биш түлхэн унагаах!!!

arvanneg suhbaatar said...

Сайн байна уу? Өөрийн тань төгссөн 11-р сургуулиас холбогдож байна. Өөрийнхөө мэйл хаягийг үлдээгээрэй. Гүүгл боловсролын талаар асуух юм байна. Arvanneg@gmail.com хаягаа холбоо бариарай гэж хүсэж байна.

11-р сургууль

Google Analytics